Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.08/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын тоо нэгээр нэмэгдлээ.
-Тухайн тохиолдол нь 2020.05.03-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэн шинж тэмдгийн асуумж болон эрүүл мэндийн үзлэгээр “сэжигтэй”-д тооцогдож, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байжээ.
-2020.05.07-нд тухайн иргэнд өвчний шинж тэмдэг бүрэн илэрч /толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нус гоожих, ядарч сульдах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох гэх мэт/, давтан шинжилгээгээр “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан байна.
-Мөн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй байна.
-Өмнөговь аймаг болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 7 сорьцонд халдвар илрээгүй аж.
-Манай улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 42 байна. Түүнээс 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 29 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, ажиглалт, судалгаанд хамрагдаж байна.
-Гадаад улсад “Ковид-19” халдвар авсан Монголын 20 иргэн бүртгэгдсэнээс 15 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
-Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд ажиглалтын байранд 987 хүн тусгаарлагдаж буй бөгөөд өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.