Нийслэлийн Баянгол дүүрэгт согтуурсан хэсэг залуус цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тавдугаар сарын 3-4-нд шилжих шөнө тус дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна согтуурсан хүмүүс бусдын амар тайван байдал алдагдуулж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч хэргийн газарт очиж, согтуурсан иргэдэд шаардлага тавьсан байна. Гэтэл залуус цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл тоон эсэргүүцэж, алба хаагчийн биед халджээ.
Хан-Уул дүүрэгт оршин суух 20 настай, эрэгтэй Ө, Баянгол дүүрэгт суух 21 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Б, 21 настай эмэгтэй С болон Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 20 настай эмэгтэй М нарыг хууль сахиулагчийн биед халдаж, гэмтэл учруулсан, албаны дүрэмт хувцас урсан гэх хэргээр шалгаж эхэлжээ.