Монгол Улсад “COVID-19” халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 32 боллоо. Тодруулбал, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнээс 4 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг нь “COVID-19” халдвартай болох нь батлагдсан байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй Турк улсын хоёр иргэн эдгэрч, өөрсдийн хүсэлтээр тус эмнэлэгт үргэлжлүүлэн ажиглалт, тусгаарлалтад оржээ. Монгол Улсад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
2020 оны дөрөвдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 104 хүний шинжилгээ хийжээ. Тухайлбал:
-Замын-Үүд боомтоос ирсэн 58 хүн,
-ХСҮТ-д эмчлүүлж буй хавдрын өвчтэй, дархлаа буурсан 35 хүн,
-Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 7 сорьц,
-04.08-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн хүнд өвчтэй, хавдрын оноштой иргэдэд хийсэн (давтан) шинжилгээгээр халдвар илрээгүй байна.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1227 хүн ажиглалтад хамрагдаж буй бөгөөд өчигдөр 25 хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авчээ. Мөн 226 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 105 хүнийг үргэлжлүүлэн зочид буудал, сувилалын газруудад тусгаарлан, эмнэлгийн орны зохицуулалтыг хийж ажиллажээ.