БНХАУ-д зарим сургуулиуд ажиллаж эхлээд байна

2020 оны 04-р сарын 16 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93375036_685178295644621_3486371648771194880_o

Тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас БНХАУ-ын 24 хот, муж болон өөртөө засах орны Боловсролын газрууд хичээл эхлэх хугацааг зарлаж, зарим газрын хичээл сургуулиуд орж эхлээд байгаа талаар мэдээлэл ирүүллээ.

“Ковид-19”-ын тархалттай холбогдуулан Хятад Улсад элсэлтийн ерөнхий шалгалтын товыг нэг сараар хойшлуулж, 2020 оны 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Гэхдээ энэ шийдвэр Бээжин хот болон Хубэй мужид хамаарахгүй болохыг Хятадын Боловсролын яамнаас мэдэгдсэн байна.

Соёл, урлагийн чиглэлийн их, дээд сургуулиуд элсэлтээ цахим хэлбэрээр авч эхлэв. Бусад их, дээд сургуулийн үндсэн ангийн оюутнуудын элсэлт 8 дугаар сард, тусгай мэргэжлийн ангийн элсэлт 9 дүгээр сард тус тус явагдах тул их, дээд сургуулиуд 9 дүгээр сарын дунд үеэс хичээллэж эхлэх магадлалтай байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас мэдээлэл гаргаж, онцгой үед сонор сэрэмжээ өндөржүүлэх, сургуулийн өнцөг бүрт хяналт тавих, коронавирусын халдвар сургуулийн орчинд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байхыг шаардсан ба нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх анги болон дунд сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын хичээлийг эхлүүлэх чиглэл өгчээ. Үүний дагуу тус улсын хот, муж болон өөртөө засах орны боловсролын удирдах газрууд тухайн нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, нөөц бололцоог харгалзан үзэж, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хуваарийг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Одоогийн байдлаар дараах орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэх тов гарсан байна. Үүнд:

№ Хот, муж, өөртөө засах орон Хичээл эхлэх тов
1. Хөх нуур 3 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд
2. Гуйжоу 3 дугаар сарын 16-ны өдөр
3. Шаньси 3 дугаар сарын 25-ны өдөр ахлах анги
4 дүгээр сард бага сургууль, цэцэрлэг
4. Гуанси 4 дүгээр сарын 7-ны өдөр
5. Шиньжян Уйгурын Өөртөө Засах Орон 3 дугаар сарын 16-ны өдөр ахлах анги, дунд сургуулийн 3 дугаар анги
3 дугаар сарын 23-ны өдөр бусад анги
6. Төвдийн Өөртөө Засах Орон 3 дугаар сарын дунд үед
7. Юньнан 3 дугаар сарын 23-ны өдөр ахлах сургууль болон дунд сургуулийн 3 дугаар анги
8. Хонконг 4 дүгээр сарын 20-ны өдөр
9. Тайвань 2 дугаар сарын 25-ны өдөр бага, дунд сургуулийн хичээл эхэлсэн
3 дугаар сарын 2-ны өдрөөс их, дээд сургуулиуд хичээлээ эхлүүлсэн
10. Өвөр Монголын Өөртөө Засах Орон 3 дугаар сарын 30-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
11. Хайнань 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
12. Жянси 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
13. Жянсү 3 дугаар сарын 30-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
14. Ляонин 4 дүгээр сарын 15-ны өдөр ахлах сургуулийн 3 дугаар анги хичээллэж эхэлсэн
15. Сычуань 4 дүгээр сарын 1-ний өдөр ахлах сургуулийн 3 дугаар анги
4 дүгээр сарын 7-ны өдөр бага сургуулийн 3 дугаар анги хичээллэж эхэлсэн
16. Аньхуй 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
4 дүгээр сарын 13-ны өдрөөс бага сургуулийн 3 дугаар анги хичээллэж эхэлсэн
17. Фүжянь 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
18. Жилин 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
19. Хар мөрөн 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
20. Хөнань 4 дүгээр сарын 7-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
21. Шаньдун 4 дүгээр сарын 15-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлсэн
22. Тяньжин 4 дүгээр сарын 20-ны өдөр ахлах ангиуд хичээллэж эхэлнэ
23. Чунчин 4 дүгээр сарын 20-ны өдөр ахлах болон бага сургуулийн 3 дугаар ангиуд хичээллэж эхэлнэ

Бээжин хотын сургуулиудын үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвгүй байгаа юм байна. Учир нь сүүлийн үед Хятадад бүртгэгдэж байгаа “Ковид-19”-ын тохиолдлын ихэнх нь гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан. Ажиглалт болон тусгаарлалтын үед шинж тэмдэг илрэхгүй байгаа бөгөөд хожуу илэрч байгаа нь өндөр эрсдэл дагуулах аюултай тул хүн ам олонтой, олон улсын хөл хөдөлгөөн ихтэй Бээжин хотын хувьд сонор сэрэмж нэн чухал гэдгийг Бээжин хотын Онцгой байдлын комиссоос мэдэгдсэн. Иймд Хятадын Боловсролын яамнаас Бээжин хотын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын товын жич зарлахаар болсон байна.

Бээжин хотын Боловсролын газар Төвийн шийдвэртэй уялдуулан сургуулийн танхимын сургалтыг эхлүүлэх удирдлага, зохион байгуулалтыг төлөвлөх, хичээлийн хоцрогдол багасгах ажлын хүрээнд цахим сургалтын хуваарийг шинэчлэн, өмнө нь орж байсан давтлагын хөтөлбөрийг дуусгаж, шинэ сэдэвт хичээл орох бэлтгэлийг хангаж эхэлжээ. Бэлтгэл ажлын хүрээнд сургууль тус бүр өөрийн цахим сүлжээ, группээр дамжуулан санал асуулга явуулж, сурах бичгийг сурагч тус бүрт боломжит хувилбараар хүргүүлэн өгч байна.

Бээжин хотын Боловсролын газрын Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ли Инь Бээжин хотын дотоод, гадаад нөхцөл байдалтай уялдуулан сургуулиудын хичээлийг эхлүүлэх товыг жич зарлахыг мэдэгдэж, хичээл, сургалтыг эхлүүлэхэд сургуулиуд дараах шаардлагыг хангасан байх ёстойг мэдээлсэн байна. Үүнд:
– хичээл эхлүүлэхэд онцгой байдлын үед ажиллах бүрэн чадамж, нөөц боломжийг бүрдүүлсэн байх,
– сургуулийн бүс орчимд халдваргүйжүүлэлт хийсэн байх,
– сургуулийн дотоод зохион байгуулалтыг сайжруулсан байх,
– нийтийн хоолны газрын ариутгалыг хийсэн байх,
– сурагч, багш нарын эрүүл мэндийг тодорхойлж, баталгаажуулсан байх
– онцгой нөхцөл байдлын тусгаарлалтын бүсийг зохион байгуулсан байх

Их, дээд сургуулийн хичээл эхлэхэд Бээжин хотын хөл хөдөлгөөн огцом нэмэгдэж, нийтийн тээврийн хөдөлгөөнд ачаалал үүсч, битүү орчинд цугларах иргэдийн тоо нэмэгдэх тул эрсдэлийг бууруулах үүднээс сургуулиудын хичээлийг үе, шаттайгаар эхлүүлэхээр болж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.