Эдийн засгийг дэмжих чиглэлээр хариу арга хэмжээ авна

2020 оны 03-р сарын 27 өдөр, 18 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fe892755ec4f71892af57afae5edb488

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, 2019 оны байдлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй тус тус танилцав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ

1.  2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх

2.  2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  ХАОАТ ногдуулахгүй байх

3.  2020 оны 04.01-10.01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх

/ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/

4.  COVID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох

5.  Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

6.  Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох

7.  2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.