Цагаанхад суурьшлын бүсэд ажиллаж буй цагдаа нарт автомашин хүлээлгэн өглөө

2020 оны 03-р сарын 20 өдөр, 17 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e748c495a9580.46279407

Дэлхий дахинд тархаад буй коронавирусын /Covid-19/ эсрэг арга хэмжээ авч ажиллахад төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий албадад машин, техник хэрэгсэл чухал шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс аюулт өвчний эсрэг ард олныхоо эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй Тээврийн цагдаагийн албаныханд  “Nissan Urvan”  маркийн автомашиныг өнөөдөр /2020.03.20/ хүлээлгэн өглөө. Тус алба нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн Цагаанхад суурьшлын бүсэд 40 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Гэрээт цагдаагийн хэлтсийг ажиллуулж буй бөгөөд замын хөдөлгөөний зохицуулалт, хэв журмыг сахиулан, жолооч нарын аюулгүй байдлыг хангаж байна.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Дэлхий дахинд тархаад буй аюулт өвчинтэй тэмцэж, хохирол багатай даван туулахын тулд Монгол Улс бүхий л түвшиндээ хичээн ажиллаж байна. Тэр дундаа эмч сувилагч, цэрэг цагдаагийн алба хаагчид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө амралтгүй зүтгэж буйд талархах ёстой. Манай компанийн хувьд Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг хариуцдаг. Тиймээс нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг ханган ажилладаг Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчдаа дэмжиж, энэхүү автомашиныг хүлээлгэн өгч байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хүн амын аюулгүй байдлыг хангах үйлсэд тань амжилт хүсье” гэв. Мөн “Эрдэнэс Монгол” компани Тээврийн цагдаагийн албатай нягт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг хэмээн Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан онцлов. Дашрамд дурдахад, 2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 48.5 км  замыг асфальтаар хучсан бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их хэмжээ юм. Мөн зам засвар арчлалтын ажлыг гүйцэтгэсний үр дүнд замд гардаг ослын тоо 15 хувиар буурчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.