Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт төв банк, арилжааны банкуудын удирдлагууд, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд зориулж зээлийн эргэн төлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг хүссэн. Энэ дагуу Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хамтран дараах шийдвэрүүдийг гаргажээ. Зээлийн ангилал, эргэн төлөлтийн хугацаанд 90-120 хүртэл хоногийн өөрчлөлт оруулсан байна.
1. “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д:
а. Ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөх;
б. Хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоох;
в. Хэрэглээний зээлд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тогтоосон чанарын ангиллыг тушаал мөрдөгдөх хугацаанд хэвээр мөрдөх;
2. “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д:
а. Өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх;
б. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 20 хувиар тогтоох;
3. Дээрх зохицуулалтын хугацаа дуусах үед дээрх журмуудыг ердийн зохицуулалтын дагуу мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Эдгээр зохицуулалт нь Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү арга хэмжээг авснаар зээлийг эргэн төлөх үүрэг алга болохгүй бөгөөд зээлдэгчдээс үнэхээр хүндрэл гарсан бол зээлдүүлэгч банктайгаа холбогдон зээлийн үйлчилгээний төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой.
Иймд, цаашид хэт их зээлийн өрийн дарамтыг үүсгэхгүйн тулд зээлээ өөрийн боломжит хэмжээгээр эргэн төлж байх нь илүү үр дүнтэй болохыг зээлдэгчид ойлгож, санхүүгээ зохицуулах нь зүйтэй гэж Монгол банкнаас зөвлөж байна.
Улсын хэмжээнд 419.000 зээлдэгч 18 их наяд төгрөгийн зээлтэйгээс 70-аас дээш хувийг хэрэглээний зээл эзэлж байгаа аж.
АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэв
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй оюутан, 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд дэлхийн жишигт нийцсэн бодит эмнэлзүйн сургалтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Цаашид АШУҮИС-ыг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй. Иймд тус сургалт, судалгааны эмнэлгийг чиг үүргийн хувиар БСШУСЯ-нд харьяалуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Тус эмнэлгийн харьяаллын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэснээр үйл ажиллагааны санхүүжилт тасалдалгүй, удирдлагаар хангаж ажиллахад саад бэрхшээл учрахгүй болж байгаа юм.
Монгол-Японы эмнэлэг нь жилд дунджаар 11.000 хүнийг хэвтүүлэн эмчилж, үүнээс 5000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Амбулаторийн тусламж үйлчилгээнд жилд 192.000 хүнд үзлэг, оношилгоо, шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийх аж. Одоогоор шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж суурилуулахад хэрэгтэй 14 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.