Д.Галбаатар : Эрдэнэт үйлдвэр хариуцлагатай, найдвартай ажиллаж байна

2017 оны 09-р сарын 24 өдөр, 13 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21942460_699470843576269_1513816612_n

Монгол улсын эдийн засгийн хөдөлгөгч  хүч  Эрдэнэт үйлдвэр оны эхний найман сард үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт  үзүүлэлтээ зуугаас дээш хувиар давуулан биелүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж  буйг  тус компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч, Эдийн засгийн ухааны доктор  Д.Галбаатар ярилцлагынхаа эхэнд онцлов.  Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг, орлого борлуулалтын төлөвлөгөөний биелэлт,  15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлд баримтлах бодлого зэрэг асуудлаар түүнтэй хийсэн ярилцлагыг  нийтэлж  байна.  

Оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа ямар үзүүлэлттэй байв?  Үүнд эерэг болон сөрөг хандлагууд юу байсан бэ?

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх үзүүлэлт давж биелсэн нь олон хүчин зүйлээс хамааралтай. Дэлхийн зах зээл  дээрх зэсийн үнэ олон шалтгаанаас болж байнга хэлбэлзэж байдаг. Сүүлийн 27  жилд л гэхэд зэсийн үнэ эдийн засгийн хямралаас шалтгаалж гурван удаа огцом унасан. Үүнийг 1991-1993, 1998-1999, 2008 оноос эхлэлтэй одоо ч үргэлжилж байгаа хямралууд гэж  хувааж болно. 2008 онд зэсийн жилийн дундаж үнэ 8821 ам доллар байв. Зарим сард нь 10000 ам доллар хүрч өссөн тохиолдол ч бий. Тэр үеэс  хойш жил дараалан зэсийн үнэ унасаар өнгөрсөн онд хамгийн доод хэмжээнд 4500 ам. долларт  хүрч байв.  Харин энэ он гарсаар харьцангуй өсөх хандлагатай байгаа ч зэсийн үнэ тогтворжоогүй байна. Энэ уналтыг хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн хямрал гэж судалгааны байгууллагууд үздэг. Дараагийн хүчин зүйл бол улс орны улс төр эдийн засгийн тогтвортой байдал юм. Улс орон тогтвортой байх нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд нөлөөтэй. Нөгөө нэг хүчин зүйл гэвэл мэдээж үйлдвэрийн техник технологийн болоод менежментийн зөв бодлого.  Бид жил бүр үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан, Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулж ажиллаж байна.  Үүнд үйлдвэрлэл, эдийн засаг, үр ашгийн бүх үзүүлэлт багтдаг. Ямар ч  нөхцөл байдалд бид энэ төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэх хариуцлага хүлээдэг юм. Энэ оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр 22,9 сая тонн хүдэр олборлож, 21 сая тонн хүдэр боловсруулсан. 398,8 мянган тонн зэсийн баяжмал, 3,9 мянган тонн молибдений баяжмал  үйлдвэрлэж, төлөвлөгөө 101,0-154,0  хувийн биелэлттэй байна. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр давж биелснийг харуулж байна. Хэдийгээр зэсийн үнэ наашлах төлөвтэй ч эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна.  Урт удаан хугацааны энэ хямралын үед Эрдэнэт үйлдвэр хоёр том бодлого барьж ажиллаж байна. Эхнийх нь борлуулалтын орлогоо бууруулахгүйгээр  аль болох нэмэгдүүлэхэд чиглэж байсан бол удаах бодлогын хүрээнд  өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор ажиллах хөтөлбөр хэрэгжүүллээ. Үүний үр дүнд бид оны эхний найман сард таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг 1,5 хувиар бууруулсан. Тухайлбал, материалын зардлыг 19,5 тэрбум төгрөгөөр, эрчим хүчний зардлыг 4,8 тэрбум төгрөгөөр, удирдлагын зардлыг 5,9 тэрбум төгрөгөөр,  томилолтын болон сургалтын зардлыг  30-40 хувиар тус тус багасгаж чадлаа. Энэ утгаар нь авч үзвэл, Эрдэнэт үйлдвэр зэсийн үнэ ханш өсөх хандлагатай  үед ч хэмнэлтийн бодлогыг  үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна гэж хэлж болно. Борлуулалтын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн ашгийн үзүүлэлтүүд ч энэ хугацаанд сайн үр дүнтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашиг зургаа дахин нэмэгдлээ. Бид улсын болон орон нутгийн төсөвт 494,6 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төвлөрүүлж,  үүний 128  тэрбум төгрөгийг  төрийн оролцоотой эрчим хүч,  тээврийн байгууллагуудад  төлсөн.   Эдгээрээс хамгийн том төлбөр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Зэсийн үнэ  6000 доллараас дээш гарсан үед бид ашигт малтмал ашигласны 11 хувийн нэмэлт татвар,  харин  5000 доллараас доош бол 5 хувийн төлбөр төлдөг. 5 хувиар бодож төлж байх үед Ашигт малтмалын нөөц ашигласны татвар манай үйлдвэрийн төлдөг нийт татварын 27 хувийг эзэлж байсан бол одоо 11 хувийн нэмэлт татвар төлснөөр нийт татварын 60 орчим хувийг эзэлж байна. Тиймээс  өртөг зардалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гол  нөлөөтэй гэж ойлгож болно. Түүнчлэн Орхон аймагт газрын, Булган аймагт ус ашигласны  гэх зэргээр олон хэлбэрийн татварыг  Эрдэнэт үйлдвэр цаг хугацаандаа тогтмол төлж байна.  Орхон аймгийн төсвийн орлогын 83-85 хувийг дангаараа  бүрдүүлдэг.  Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэр улсын болон орон нутгийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэж, хариуцлагатай, найдвартай ажиллаж байгаагийн нэг нотолгоо юм.

Эдийн засгийн хямралын амаргүй үеийг даван туулахдаа Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн бодлого хөтөлбөрүүдээ  орхигдуулалгүй хэрэгжүүлж ирсэн.  Ажилтнуудын ажиллаж амьдрах нөхцөл боломж, амьдралын түвшинг дээшлүүлэхэд эдийн засгийн ямар чиг шугам баримталж байна вэ?

Урьд өмнө байгаагүй урт хугацааны зэсийн үнийн уналт, хямрал сүүлийн жилүүдэд үргэлжилж байгааг давтан хэлье.  Үүнээс  улбаалж, дэлхийн  зэсийн олон үйлдвэрүүд орон тоогоо цомхотгож, зарим нэг нь хаалгаа барихад хүрсэн. Харин Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  хувьд нэг ч орон тооны цомхотгол явагдаагүй, харин бодит орлого, цалингаа нэмэгдүүлэх бодлогоо орхигдуулаагүй.   Жил бүр Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтын гэрээ байгуулдаг.  Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ бараг 100 хувь биелүүлдэг. Үйлдвэрлэлийн зардлын бараг 25 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг Хамтын гэрээг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Хамтын гэрээний заалтуудын дагуу ажилчдын цалин хөлс, орон сууцны хөнгөлөлт, сургалтын төлбөр зэрэг маш олон төрлийн нийгмийн хамгааллын үйлчилгээг зохицуулдаг. Мөн ахмад настнууддаа жилд 2,3 сая төгрөг,  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан ажилтнуудад 4,5 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд  жилдээ нийт 225 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна. Ийм том халамж хамгааллын бодлого хөтөлбөртэй үйлдвэр Эрдэнэтээс өөр байхгүй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Ийм учраас Эрдэнэт үйлдвэрийг зөвхөн Монголд төдийгүй олон улсын ижил төстэй үйлдвэрүүд дотроос уул уурхайн хариуцлагатай кластерийг бий болгож буй загвар үйлдвэр гэж үнэлдэг. Саяхан дэлхийд  зэс үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Чили улсын Коделко компанийн төлөөлөгчид манай үйлдвэрт айлчлахдаа “Эрдэнэт үйлдвэр бол дэргэдээ орчин үеийн өнгө үзэмж бүхий бүхэл бүтэн хотыг бий болгож, хүний ажиллах таатай орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц бодлогыг маш өндөр хэмжээнд бүрдүүлсэн нийгмийн хариуцлагаараа  манлайлагч үйлдвэр юм байна” хэмээн дүгнэснийг энд бас хэлэхийг хүсч байна.

Оны эхний найман сард үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж 0,3 хувиар өссөн. Гэсэн ч бид өнгөрсөн тав дугаар сарын 1-нээс ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн. Эхний хагас жилийн ажлын үзүүлэлтийг дүгнэж, хагас жилийн ажлын урамшууллыг гүйцэтгэлийн үр дүнтэй нь уялдуулан 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшууллыг олголоо. Энэ нь ажиллагсдынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлж цэгнэсэн урамшууллын шинэ хэлбэр юм.

Эрдэнэт үйлдвэр ирэх 15 жилийн удаан хугацааны хөгжлийн үндсэн чиглэлээ тодорхойлж, хэрэгжүүлэх ажилдаа орсон. 2017-2031 он хүртэлх  хөгжлийн үндсэн чиглэлд  эдийн засгийн үр өгөөжөө дээшлүүлэх талаар хэрхэн тусгасан бэ?

-Эрдэнэт үйлдвэр өөрийн бие даасан төлөвлөлтийн системтэй . Бид өмнө нь хөгжлийн үндсэн чиглэлээ арван жилээр төлөвлөдөг байсан бол энэ жилээс удаан хугацааны буюу 15 жилээр боловсруулсан. Энэ нь  олон улсын жишиг стандартаар хийгдсэн стратеги төлөвлөгөө гэж ойлгож болно. Мөн дунд хугацааны буюу таван жилийн төлөвлөгөөг боловсруулж, тэдгээрийг жил жилд тодотгож ажиллах шинэ системийг нэвтрүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 15 жилийн үндсэн чиглэлд үйлдвэрлэл, техник, технологийн шинэчлэлээс гадна, хаалт хөгжлийн менежменттэй холбоотой асуудлууд багтсан байгаа. Үүнд нөөц баялгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн цехүүдээ цаашид хэрхэн авч явах хөгжлийн хөтөлбөрүүд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн орлого ашгийг  нэмэгдүүлэх төлөвлөгөөг оруулж өгсөн. Тухайлбал, Технологийн сургууль өнгөрсөн жилд нийт зардлынхаа 40 хувийг орлогоороо бүрдүүлж байсан бол энэ онд 60 хувь хүргэж дээшлүүллээ. Цаашид үндсэн чиглэлд тусгасан хөгжлийн хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлээд явбал 100 хувь бие даагаад ажиллах боломжтой гэж харж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн орлого зарлага, санхүүгийн тухай мэдээлэл сонирхол татдаг. Тэгвэл  үйлдвэрийн үйл ажиллагаа, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтийн талаарх зөв бодит мэдээ мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Өөрийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр Эрдэнэт үйлдвэр санаачилгатай ажиллаж ирсэн гэж боддог. Хариуцлагатай уул уурхайг бий болгох бодлогын хүрээнд манай улсад энэ чиглэлийн хэд хэдэн санаачилгын байгууллагууд байдаг. Тэдгээрийн нэг том хэлбэр нь Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын байгууллага юм. Тэнд манай улсын олборлох салбарын бүх байгууллагууд тайлангаа гаргаж өгдөг. Энэ тайланд  уул уурхайн үйлдвэрүүд хичнээн хэмжээний ашигт малтмал олборлосон болох, бусад байгууллагад хэдийн хэрийн хандив дэмжлэг үзүүлсэн эсэх, хаашаа ямар төлбөр шилжүүлсэн зэрэг бүх орлого зардлын мэдээллүүд тавигддаг. Нөгөө талаар, Засгийн газар эдгээр уул уурхайн үйлдвэрүүдээс хичнээн төгрөг авч, хэрхэн юунд зарцуулагдсан тухай мэдээлэл ч бий. Иймээс үүнийг шилэн данс гэж ойлгож болно. Манай үйлдвэр 2005 онд энэхүү Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга байгууллагад нэгдэж, ашигт малтмалын лицензээс эхлээд бүх үйл ажиллагаа, орлого зарлагын үзүүлэлтийн тайлангаа гаргаж өгдөг болсон. Мөн жил бүрийн таван сарын 15-наас өмнө цахим тайлангаа байршуулдаг. Цахим тайланг Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга байгууллагаас Үндэсний зөвлөлд танилцуулдаг. Үндэсний зөвлөл нь  төрийн болон төрийн бус байгууллага, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөллүүдээс  бүрддэг. Тухайлбал, “ТАН”  буюу Төлсөн авснаа нийтэл гэсэн төрийн бус байгууллага оролцож, хянаж байдаг юм. Иймээс хөндлөнгийн аудитаар хянагдаж, Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга байгууллагын цахим хуудсанд байршсан манай үйл ажиллагааны мэдээлэл бол хамгийн үнэн зөв, баталгаатай гэж хэлмээр байна.

М.Балжинням

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.